Зарлал
Түүх аялал жуулчлалын профессорын багийн ахлах багш доктор Л.Эрдэнэболдын БНКазакстан улсад ажилласан тухай
Нийгмийн Технологийн сургуулийн ахлах багш доктор Л.Эрдэнэболд миний бие 2011 оны 11-р сарын 25-аас 12-р сарын 6-ны хооронд БНКазакстан улсын нийслэл Астана хотын Л.Н.Гумилевийн нэрэмжит Евроазийн их сургуулийн урилгаар ажиллаад ирлээ. Эл томилолт маань 3 үндсэн зорилготой байлаа. А. 2011 онд Бүгд Найрамдах Казакстан улсын тусгаар тогтнолын 20 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Казакстан улсын засгийн газраас олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь олон улсын эрдэм шинжилгээний бага хурлууд юм. Ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нэгэн хурал бол Астана хотын Л.Н.Гумилевийн нэрэмжит Евроазийн Их сургуулиас зохион байгуулсан “Хөх түрэгийн ертөнц” нэртэй олон улсын хурал байсан билээ. Энэхүү хуралд Турк, Киргиз, Узбек, Монгол, ОХУ-ын Санктпетербург, Москва, Новосибирск зэрэг хотуудаас эртний түрэг судлалын нэрт эрдэмтэд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд миний бие эл хуралд “Монгол улсын нутаг дахь эртний нүүдэлчдийн бунхант оршуулгын дурсгал” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл тавьж оролцсон юм.
Б. Мөн энэ жил Монгол улс, Казакстан улсууд анх удаа археологийн салбарт хамтран ажиллаж эхлэж байгаа бөгөөд тэрхүү хээрийн судалгааны ангийн судлаачид Монгол улсын Булган аймгийн Баяннуур сумын нутгаас эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох, Төв азийн түүхэнд ховорхон тохиолддог гайхалтай хадгалагдсан бунхант булшийг нээн илрүүлсэн билээ. Эл хамтарсан судалгааны төслийн олж илрүүлсэн гайхалтай олдвор хэрэглэгдэхүүний тухай Казакстаны олон нийтэд танилцуулах, бэсрэг үзэсгэлэн гарсан бөгөөд тус хээрийн шинжилгээний ангийн ахлагчийн хувиар эл үзэсгэлэн танилцуулах ёслолын нээлтийн арга хэмжээнд оролцоод ирлээ.
В. Астана хотод ажиллах хугацаандаа Евроазийн их сургуулийн түүх, археологи, түрэг судлалын чиглэлээр суралцаж буй магистрант, аспирантуудад эртний түрэг, уйгурын археологийн судалгааны чиглэлээр лекц уншсан юм. Нийт 5 удаа 10 гаруй цагийн лекц уншив. Түүний зэрэгцээ тус сургуулийн дэргэдэх Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай холбоо тогтоох, цаашдын хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх зорилгын дагуу тэдгээр эрдэмтэдтэй уулзан харилцан санал солилцож, Монгол улсын археологийн судалгаа шинжилгээний сүүлийн үеийн ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, цаашид эрдэм шинжилгээ судалгааны хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Казакстаны археологчидтай хамт...

Казакстаны археологийн хүрээлэнгийн судлаачид, аспирантуудтай хамт...